EZ Эдийн засаг

Цаасан дээр #1 - Улсын өр: Засгийн газар хэнээс, яаж зээлдэг вэ?

Төвөгтэй эдийн засаг, санхүүгийн сэдвийг нэг зураг, нэг санаагаар энгийнээр тайлбарлана.

Товчхондоо

Улсын өр гэдэг нь Засгийн газар орлогоосоо илүү зарцуулсан мөнгөө зээлээр нөхсөний нийлбэр юм. Өр өөрөө муу зүйл биш. АНУ, Япон хоёр Монголоос хамаагүй их өртэй ч хамаагүй илүү тайван байдаг.

Гол асуулт нь хэр их өртэй вэ гэдэг биш, ямар мөнгөөр, хэнд өртэй вэ гэдэг. Монголын улсын өрийн 93 орчим хувь нь гадаад валютаар оршдог (IMF, 2025).

“Бат” ба зээлийн карт

Бат сард 2 сая төгрөг олдог ч 2.3 саяг зарцуулдаг. Дутсан 300 мянгаа зээлийн картаар нөхдөг. Улсын хувьд энэ зөрүүг төсвийн алдагдал, хуримтлагдсан өрийг улсын өр гэдэг.

Зээлийн картны төлөх хугацаа ирэхэд Батад бэлэн мөнгө байхгүй. Тэр бага хүүтэй шинэ зээлийн карт аваад хуучнаа төлнө. Өр нь алга болоогүй, зөвхөн хугацаа нь хойшилсон. Үүнийг дахин санхүүжилт гэдэг.

Монгол Улс яг ийм алхам хийсэн. 2026 оны 3-р сарын 9-нд Засгийн газар 2032 онд төлөгдөх 500 сая долларын бондыг 5.95%-ийн хүүтэй гаргасан. Үүнтэй зэрэгцэн 2026, 2028, 2029 онд төлөгдөх хуучин бондуудаа (5.125%, 8.65%, 7.875%) эрт буцаан худалдаж авах санал тавьсан (Cleary Gottlieb, 2026).

Бонд гэж юу вэ?

Бонд бол худалдаж авч болох өрийн бичиг юм. Засгийн газар нэг банкнаас том зээл авахын оронд олон хөрөнгө оруулагчдад ийм өрийн бичиг зардаг.

Бонд бүрд гурван зүйл байдаг : нэрлэсэн дүн (буцааж төлөх мөнгө), купон (жилийн хүү), хугацаа (хэзээ буцаах). 5.95%-ийн купон гэдэг нь 1,000 доллар тутамд жилд 59.5 доллар, өөрөөр хэлбэл хагас жил тутамд 29.75 доллар гэсэн үг.

Бондыг тэтгэврийн сангууд, банк, даатгалын компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд авдаг. Улсад итгэх тусам тэд бага хүү шаарддаг гэж ойлгож болно.

Монгол 2023 оны 1-р сард 8.65%-ийн купонтой бонд гаргаж байсан бол 2026 оны 3-р сард 5.95%-иар зээлсэн. Энэ хооронд ОУВС Монголын өрийн эрсдэлийг «өндөр»-өөс «дунд» болгосон (IMF, 2025). Хүүнд дэлхийн зах зээлийн хүүгийн түвшин ч нөлөөлдгийг мартаж болохгүй.

Гадаадын зах зээлд гадаад валютаар гаргадаг бондыг Евробонд гэдэг. Нэр нь Европын валют гэсэн утгатай биш. Монголын сүүлийн жилүүдийн Евробондууд бүгд ам.доллараар гарсан.

Монголын өр: хэр их вэ?

Эхлээд сайн мэдээ. 2022 онд ДНБ-ий 64.5% байсан өр 2024 онд 44 орчим хувь болж буурсан (IMF, 2025). Эдийн засаг хурдан өссөн нь харьцааг бууруулсан.

Одоо муу мэдээ. Чиглэл эргэж байна. ОУВС-ийн хамгийн сүүлийн тооцоогоор өр 2025 онд ДНБ-ий 45.1% байсан бол 2030 онд 62.0% хүрэх төлөвтэй (IMF, 2026).

Өөр нэг дохио бий. Улс жил бүр шинээр зээлэх ёстой мөнгө 2025 онд ДНБ-ий 5.5% байсан бол 2030 онд 17.4% болж, бараг 3 дахин өсөх төлөвтэй (IMF, 2026). Хуучин бондуудын хугацаа ойртох тусам Батын «шинэ карт»-ын хэрэгцээ ихэсдэг.

Яагаад АНУ, Япон тайван байдаг вэ?

АНУ-ын өр ДНБ-ийхээ 100 орчим, Японых 249 орчим хувь. Монголынх 45 орчим хувь. Гэсэн ч хамгийн эмзэг нь Монгол. Шалтгаан нь:

1. Өөрийн мөнгө. АНУ доллараар, Япон иенээр зээлдэг. Хэцүү үед төв банк нь тэр мөнгийг хэвлээд гаргачхаж чадна. Энэ нь инфляцийн эрсдэлтэй ч өрөө төлж чадахгүй болох аюулыг бараг арилгадаг.

Монголбанк доллар хэвлэж чадахгүй. Долларын өрөө төлөхийн тулд бид эхлээд доллар олох ёстой, голчлон нүүрс, зэс экспортлож.

2. Хэнд өртэй вэ?. Японы засгийн газрын бондын 41 орчим хувийг Японы төв банк, ердөө 13 орчим хувийг гадаадынхан эзэмшдэг (Ministry of Finance Japan, 2026). АНУ-ын олон нийтэд эзэмшигдэх өрийн 32% нь гадаадынханд (PGPF, 2026). Харин Монголын өрийн дийлэнх нь гадаадын зээлдүүлэгчдийнх. Тэд итгэл алдвал дараагийн зээлийн хүү шууд өснө. Засгийн газар ахин мөнгө зээлье гэх юм бол өндөр хүү амлахаас өөр аргагүй.

3. Дэлхийн доллар. Дэлхийн худалдаа, валютын нөөцийн дийлэнх нь доллараар явдаг тул АНУ-ын бондыг авах хүн үргэлж олддог. Ийм давуу тал Монголд байхгүй.

Итгэл алдвал юу болдгийг Шри Ланка Улс харуулсан чухал жишээ байна л даа. 2022 оны 4-р сарын 12-нд тус улс гадаад өрийн төлбөрөө зогсоосон. Тэр жил 4 орчим тэрбум доллар төлөх ёстой байсан ч валютын нөөц нь 1.93 тэрбум доллар л байв. Засгийн газар өр төлөхийн оронд түлш зэрэг зайлшгүй хэрэгцээний импортыг сонгосон. Ингэснээр Дефолт руу орж тухайн улс эдийн засгийн хувьд хүнд үеийг туулдаг (Ядуурал 2 дахин нэмэгдсэн, Хүнсний инфляц +95%, Өдөрт дунджаар 13 цаг тог хязгаарлах гэх мэт) (Al Jazeera, 2022).

Таны түрийвчинд юу гэсэн үг вэ?

1. Төгрөг суларвал өр томордог. Өрийн 93% нь гадаад валютаар тул ханш унахад шинэ зээл аваагүй ч өр төгрөгөөр томорно. Тайлбарын жишээ: 1 тэрбум долларын өр 3,400 ₮-ийн ханшаар 3.4 их наяд төгрөг. Ханш 3,600 болбол 3.6 их наяд болно. Нэмэгдсэн 200 тэрбумыг эцэст нь татвар төлөгчид төлнө.

2. Өр төлөх мөнгө сургууль, замтай өрсөлддөг. 2027 оны төсвийн төсөлд дахин санхүүжилтээс бусад зээлийн үндсэн төлбөр 5.99 их наяд төгрөг, хөрөнгө оруулалт 5.77 их наяд, зээлийн хүүгийн төлбөр 1.57 их наяд төгрөг байна (Улсын Их Хурал, 2026). Үндсэн төлбөрийг л хүн амд хуваахад нэг хүнд 1.7 сая орчим төгрөг ногдоно.

3. Хүү өндөр бол зээл үнэтэй. Улсын бондын хүү нь тухайн улсын банк, компаниуд гадаадаас зээлэхэд ихэвчлэн доод жишиг болдог. Иймээс улсын хүү өндөр байх нь эцэстээ таны орон сууц, хэрэглээний зээлийн хүүнд нөлөөлдөг.

Юуг ажиглах вэ? Мэдээ уншихдаа дөрвөн тоонд анхаарахад хангалттай:

Санах нэг тоо: 93%

Монголын улсын өрийн 93 орчим хувь нь бидний хэвлэж чадахгүй мөнгөөр байдаг. Тиймээс бага хэмжээтэй ч бидний өр АНУ, Японыхоос илүү эрсдэлтэй. Дараагийн удаа «шинэ бонд гаргалаа» гэсэн мэдээ харвал хоёр зүйл асуугаарай: хэдэн хувийн хүүтэй вэ, тэр мөнгөөр шинэ юм бүтээх үү, эсвэл хуучин картаа төлөх үү?

Хүндэтгэсэн,

Үлэмж

Нэр томьёо

Эх сурвалж