EZ Эдийн засаг

Цаасан дээр #2 - Ашигтай жилийн мөнгө хаашаа алга болоод байна вэ?

Монгол уул уурхайгаас олсон орлогынхоо 97 гаруй хувийг хадгалалгүй зарцуулжээ.

Товчхондоо

Засгийн газар Оюу толгойгоос 2027 онд 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авна гэж тооцоод, түүнийг хэрхэн зарцуулахыг иргэдээс асууж байна. Саналд 1 их наядыг Баялгийн сангийн хуримтлалд хийж, үлдсэнийг эрчим хүч, сургууль, хилийн боомтод зарцуулахаар тусгажээ. Олон иргэн мөнгөө гар дээрээ авах боломжгүйд бухимдаж байгаа ч Сангийн сайд З.Мэндсайхан хууль үүнийг зөвшөөрдөггүй гэж тайлбарласан.

Гэхдээ энэ мөнгө хараахан баталгаажаагүй. Сангийн сайдын хэлснээр Оюу толгой компани энэ дүнг батлаагүй байхад Засгийн газар түүнийг 2027 оны төсвийн орлогод аль хэдийн тооцчихжээ.

Мөнгө орж ирэхээс өмнө зарцуулалт нь төлөвлөгддөг нь Монголд шинэ зүйл биш. Дэлхийн банкны тооцоогоор уул уурхайгаас орсон орлогын 97 гаруй хувийг улс хадгалалгүй зарцуулсан. Энэ дугаараар ашигтай жилийн мөнгийг хадгалах сангууд яагаад Монголд тогтож чадахгүй байгааг Норвеги, Чилийн жишээтэй харьцуулж харна.

Жишээ: Бат ба хоёр өөр жил

Жишээ болгож Бат гэдэг иргэн ноолуур бэлтгэж зардаг гэж төсөөлье. Ердийн жил 20 сая төгрөг олдог. Бат дараа жил нь ноолуурын үнэ өсөхөд 30 саяыг оллоо. Илүү 10 саяараа машин зээлээр авах сонголт хийлээ гэж бодьё. Харин дараа жил ноолуурын үнэ унаж орлого нь 20 саяаас 10 сая болоход тэр дахин зээл тавиж амьдрахаас өөр аргагүй болно. Харин 10 саяаа тусдаа дансанд хийсэн бол түүнийгээ гаргаж, ердийн жилийн адил 20 саяар амьдрах боломжтой.

Батын хоёр өөр сонголт нь ялгаа муу жилд биш, ашигтай жилийн шийдвэрт байна. Төр ч яг ийм: сайн жил нэмсэн цалин, тэтгэврийг муу жил буцааж хасах боломжгүй. Төрийн хувьд яг ийм сайн жилүүддээ, хадгалахаас илүүтэй улам илүү их төсөв тавьж, дараа жил нь дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ унахад эдийн засгаа хүндхэн савалгадаг ийм л дүр зураг ажиглагддаг.

.

Тогтворжуулах сан гэж юу вэ?

Төсвийн тогтворжуулалтын сан бол улсын «муу жилийн данс» гэж амархан ойлгочиход болно. Төсвөө тооцоолохдоо зэс, нүүрсний тухайн жилийн үнээр биш, олон жилийн дундаж үнээр орлогоо тооцдог. Үнэ тэр дунджаас давбал илүү орсон мөнгө санд орж, үнэ унасан жил сангаас төсөвт буцаж орно.

Ийм сан бодит үр дүнтэй. Олон улсын валютын сангийн (ОУВС) 68 орныг хамарсан судалгаагаар тогтворжуулах сантай орнуудын төсвийн зарлага сангүй орнуудынхаас 13 хувиар бага хэлбэлздэг. Энэ нь цалин, тэтгэвэр, хөрөнгө оруулалт жил бүр огцом өөрчлөгдөхгүй гэсэн үг.

Санд одоо хэр мөнгө байна вэ?

Энэ асуултад шууд хариулах боломжгүй, учир нь Засгийн газар сангийн үлдэгдлийг тусад нь нийтэлдэггүй. Бидний олсон хамгийн сүүлийн тооцоогоор сан 2024 оны эцэст дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 2.2 хувьтай тэнцэж байсныг ОУВС тэмдэглэжээ.

2025 онд санд 562.5 тэрбум төгрөг төвлөрсөн ч мөн тэр жил нүүрсний үнэ унахад Засгийн газар сангаас мөнгө гаргаж төсвийн цоорхойг нөхсөн гэж ОУВС мэдээлжээ. Хэдийг гаргасныг нийтэд мэдээлээгүй тул сангийн яг одоогийн үлдэгдэл тодорхойгүй байна. Бидний үзэж байгаагаар иргэд өөрсдийн сангийн хэмжээг мэдэж чадахгүй байгаа нь өөрөө асуудал. Норвег Төв банк нь сангийн гүйцэтгэлийг Сангийн яаманд улирал бүр тайлагнаж, жилийн болон хагас жилийн тайлангаа нийтэд гаргадаг. Сангийн мэдээлэл улсын төсөв, тайланд ч тусгагддаг жишиг байдаг. Ил тод байдал Монголын хувьд бүр илүү чухал.

Үндэсний баялгийн сан бол тусдаа сан. Тогтворжуулах сан төсвийг муу жилээс хамгаалдаг бол Баялгийн сан баялгийн өгөөжийг иргэдэд урт хугацаанд хуримтлуулдаг. Засгийн газрын мэдээлснээр тус сан 2025 оны эцэст 6.7 их наяд төгрөгтэй байсан бөгөөд 2026 оны эцэст 9.6 их наядад хүрнэ.

Сайн жилийн мөнгө хаашаа явж байна вэ?

2027 оны төсвийн төсөлд Засгийн газар төрийн өмчит компаниуд болон Оюу толгойн ногдол ашгаар орлогоо 6.5 их наядаар нэмж, түүнээс 2.9 их наядыг тэтгэвэр, 2.6 их наядыг төрийн албан хаагчдын цалин нэмэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Төсвийн алдагдал ДНБ-ий 2 хувь буюу хуулийн дээд хязгаарт яг тулсан.

Бидний үзэж байгаагаар энэ нь машин зээлээр авсан Батын шийдвэртэй ижил: жил бүр хэлбэлздэг ногдол ашгаар буцааж хасах боломжгүй зардал нэмж байна. Тогтворжуулах сангаа нэмэгдүүлэхийн оронд тэр мөнгөөрөө дахин урсгал зардалд руу оруулж байна. Хэрвээ бидний зардаг нүүрс, зэс өөрсдөө үнэ нь нэг жилд хүчтэй унавал яаж эдийн засгаа авч гарах вэ гэдгээ бодож л байх ёстой юм.

Норвеги: үндсэн мөнгөндөө хүрдэггүй улс

Норвег газрын тосны орлогоо санд хийдэг бөгөөд тэр сан 2026 оны дундуур 2.39 их наяд ам.долларт хүрсэн. Нууц нь нэг энгийн дүрэм: төсөв сангийн үндсэн мөнгөнд хүрэхгүй, зөвхөн өгөөжөөс нь жилд 3 хувь хүртэлхийг авна. 2027 онд Норвег сангийнхаа 2.7 хувийг зарцуулахаар төлөвлөсөн.

Энэ 3 хувь бол банкны хүү биш. Сан дэлхийн хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулдаг бөгөөд тэдгээрээс орох ногдол ашиг, хүү, үнийн өсөлтөөс инфляцыг хассан дундаж өгөөжийг ингэж тооцдог. Үндсэн мөнгө хөндөгдөхгүй тул сан жил ирэх тусам томорч, газрын тос дууссан хойно ч төсөвт орлого өгсөөр байна. Ерөөсөө жилд хуримтлуулсан мөнгөө хөдөлгөөд олсон хэдхэн хувийн ашгаа зарцуулаад сайхан амьдраад байгаа жишиг байна.

Монголын албан тушаалтнууд энэ загварыг судлахаар Норвегт удаа дараа очоод л туршлага судлаад л байдаг (төсвийн мөнгөөр).

Үр дүнг тоо л харуулна. Дэлхийн банкны тооцоогоор 2011 оноос хойш тогтворжуулах сан болон Ирээдүйн өв санд нийт 3.0 тэрбум ам.доллар хийж, 2.0 тэрбумыг нь буцааж авсан. Норвегийн загварыг олон удаа судалсан ч хамгийн чухал хэсэг болох «үндсэн мөнгөнд хүрэхгүй» зарчим Монголын бодлогод хэрэгжихгүй байгаа явдал байна. Гол баялгийн сангийн зарчмыг дагахгүй байна...

Чили улсын жишээ

Чили ч Монгол шиг зэсээс хамааралтай. Ялгаа нь Чилийн төсөв зэсийн урт хугацааны үнийг улс төрчдөөр биш, улс төрөөс тусгаарлагдсан шинжээчдийн хороогоор тогтоолгодог. Иймээс сайн жилүүдэд төсөв нь ашигтай гарч, 2009 оны дэлхийн хямралд хуримтлуулсан мөнгөөрөө эдийн засгаа дэмжиж чадсан түүх бий.

Яагаад өрх бүрд хамаатай вэ?

Сан хоосон үед үнийн уналтын зардлыг эцэст нь өрх төлдөг. 2016 онд үнэ унахад Улсад хадгаламж байгаагүй. Төсвийн алдагдал ДНБ-ий 17 хувьд хүрч, төгрөг 20 хувиар суларсан нь импортын шатахуун, хүнс, эмийн үнэд дарамт учруулсан. Инфляц 2017 онд 8 хувиас давж, улс олон улсын түншүүдээсээ 5.5 тэрбум ам.долларын тусламж авахад хүргэсэн. Тусламжийн нөхцөлөөр татварыг шатлалтай болгож, тэтгэврийн шинэчлэл хийх үүрэг хүлээсэн.

Хэрвээ сангийн хуримтлал бидэнд байсан бол Чили улсын адил энэ цохилтыг зөөлрүүлэх боломжтой байв. Энэ бол сангийн жинхэнэ үнэ цэнэ энд яваад байгаа юм. Үнэ унасан жил ч цалин, тэтгэвэр цагтаа олгогдож, төгрөг огцом сулрахгүй, татвар гэнэт нэмэгдэхгүй байх гэх мэт давуу тал дурдаад байвал олон.

Дүгнэлт

Бидний үзэж байгаагаар Монголд мөнгө хадгалах сангаар дутаагүй байгаа. Тогтворжуулах сан, Ирээдүйн өв сан, Үндэсний баялгийн сан бүгд бий. Дутаж байгаа зүйл нь мөнгө орж ирсэн үед дүрмээ барих чадвар. Норвег, Чили биднээс илүү баялагтайдаа биш, дүрмээ улс төрөөс хамгаалсан тогтолцоогоороо ялгаатай.

Тогтолцоог тогтооход гурван алхам хэрэгтэй. Нэгдүгээрт, зэс, нүүрсний дундаж үнийг Чилийн адил улс төрөөс хамааралгүй бие даасан шинжээчид тогтоох. Хоёрдугаарт, тогтворжуулах сан болон Баялгийн сангийн үлдэгдлийг сар бүр нэг цэгт нийтэлж, иргэд өөрсдийн сан хэр байгааг хардаг болгох. Гуравдугаарт, ногдол ашиг, үнийн өсөлтөөс орсон түр мөнгөөр цалин, тэтгэвэр шиг буцаахад хэцүү зардал нэмэхгүй, Цаашдаа урт хугацаандаа Норвег шиг зөвхөн өгөөжийг нь зарцуулах.

Санах нэг тоо: 97 хувь

Дэлхийн банкны тооцоогоор Монгол уул уурхайгаас олсон орлогынхоо 97 гаруй хувийг хадгалалгүй зарцуулсан. Өөрөөр хэлбэл газрын хэвлийгээс гарсан 100 төгрөг тутмаас 3-аас бага нь ирээдүйд үлдсэн.

Эх сурвалж

Тоог 2026 оны 10-р сарын 16-нд шалгав. Дэлхийн банк, 2025 · ОУВС, 2025 · ОУВС, 2026 · ОУВС, 2017 · Засгийн газар, 2026 · МҮОНРТ · ikon.mn · Reuters · Norsk Petroleum · Sugawara, 2014 · Frankel, 2011