EZ Эдийн засаг

2025 оны нэгдүгээр сарын хөрөнгийн зах зээлийн тойм

Нэгдүгээр сард Монголын хөрөнгийн зах зээлд сонирхолтой хөдөлгөөнүүд ажиглагдсан байна.

Нэгдүгээр сард Монголын хөрөнгийн зах зээлд сонирхолтой хөдөлгөөнүүд ажиглагдсан байна. Зах зээлийн үнэлгээ 13,256.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сартай харьцуулахад багахан өссөн ч, арилжааны хэмжээ эрс буурсан. Энэ нь хөрөнгө оруулагчдын хандлагад тодорхой өөрчлөлт орсныг харуулж байна. Хэдийгээр арилжаа өмнөх сараас 3.7 дахин буурсан ч, энэ үеэр нийт 33,889 хэлцэл хийгдэж, 116 үнэт цаас арилжаалагдсан үзүүлэлттэй байна. “Монголын Хөрөнгийн Бирж”, “Улаанбаатар үнэт цаасны бирж”, “Чингисхаан хөрөнгийн бирж”-ээр нийт 72.2 тэрбум төгрөгийн арилжаа явагдлаа.

Арилжааны 15.6%-ийг хувьцаа, 52.0%-ийг компанийн бонд, 0.6%-ийг хөрөнгө оруулалтын сан, 31.8%-ийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа эзэлжээ. Хөрөнгө оруулагчид бондын арилжааг түлхүү сонирхох хандлага ажиглагдаж байна. Түүнчлэн, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа өндөр хувиар явагдсаныг харахад эдийн засгийн аюулгүй байдал болон өндөр хариуцлагатай хөрөнгө оруулалтын хандлага улам бүр нэмэгдэж байгаа нь тодорхой байна.

Зураг 1. Хөрөнгийн зах зээлийн онцлох үзүүлэлтүүд

2024 онд компанийн бондын арилжаа нийт 913.1 тэрбум төгрөгт хүрсэн нь хөрөнгийн зах зээлийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулсан. Харин энэ оны эхэн сард шинээр гарсан “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-ийн “Бид 2.0” бонд болон “ТЖТБ” ХХК-ийн “Ногоон бонд” зах зээлд шинэ бүтээгдэхүүн болж байна. ТЖТБ” ХХК 2024 оны долоо дугаар сард 15.0 сая ам.долларын өрийн хэрэгсэл гаргасан нь ногоон бондын зах зээлд оролцох оролдлогын эхлэл болсон.

Арилжаанд оролцогчдыг харвал, 45.9 хувийг дотоодын иргэн, 48.3 хувийг дотоодын ААН, 5.1%-ийг гадаадын ААН хийсэн гүйлгээ тус тус эзэлсэн байна. Тухайлбал, гадаадын ААН-үүдийн оролцоо өмнөх оны 12 дугаар сарынхаас 3 дахин өссөн нь Монголын зах зээлд гадаад хөрөнгө оруулагчдын итгэл улам бүр нэмэгдэж буйг харуулж байна

Зураг 2. Хөрөнгө оруулагчдын арилжаанд эзлэх хувь