Солонгосын Хөрөнгийн зах зээлд орж буй салхи + Хямд Солонгос хувьцаанууд
Солонгосын хөрөнгийн зах зээл сүүлийн хэдэн сар сайн өсөлттэй байгаа бөгөөд үүний ар дахь шалтгаан болон ирээдүйд юу болох боломжтойг тайлбарлах гэж оролдлоо
2026 оны 5 дугаар сарын 6-ний өдөр KOSPI индекс ганцхан өдрийн дотор 6.45% өсөн 7,384 KRW дүнгээр хаагдсан нь түүхэн дээд ханш юм. Оны эхнээс өнөөдрийг хүртэл Солонгосын суурь индекс ойролцоогоор 55% өсөж, тус улсын нийт хувьцааны зах зээлийн үнэлгээ 4.2 их наяд ам.долларыг давж дэлхийн найм дахь том хувьцааны зах зээл болжээ.
Саяхныг хүртэл Солонгосын хөрөнгийн биржээс хувьцаа худалдаж авах, хөрөнгө оруулалт хийхэд заавал дотоодын итгэмжлэгдсэн брокероор дамжуулдаг байсан. Тэгвэл энэ 4-р сараас эхлэн гаднын хөрөнгө оруулагчид шууд гадаад брокер (IBRK гэх мэт) ашиглан Солонгосын хөрөнгийн зах зээлд оролцох боломжтой болсон юм. Энэхүү зах зээлийн хүртээмжгүй байдлыг шийдсэнээр жижиг хувьцаа эзэмшигчид, гадаадын хөрөнгө оруулагчид маш ихээр сонирхож байгаа нь сүүлийн хэд хоногийн арилжааны хэмжээ болон үнийн өсөлтөөс илт харагдаж байна
Солонгосын хөрөнгийн зах зээлийг Samsung Electronics болон SK Hynix-ийг ярихгүйгээр тайлбарлах боломжгүй. Энэ хоёр компани iShares MSCI South Korea ETF-ийн гэхэд л 45% орчмыг эзэлдэг. Солонгосын зах зээлийн индекс ETF-д хөрөнгө оруулна гэдэг яг үнэндээ энэ хоёр компанийн хувьцааг шууд бусаар авч байна гэсэн үг.
Samsung Electronics болон SK Hynix-ийн үйлдвэрлэдэг DRAM (динамик санах ой) нь компьютер, утас, AI серверүүдийн чухал хэсэг. Мөн HBM (өндөр зурвасын өргөнтэй санах ой) нь NVIDIA-ийн GPU, Google-ийн TPU гэх мэт AI хурдасгуурт зориулж тусгайлан зохиосон хурдан хувилбарын чипийн нэгэн хэсэг юм. Эдгээрийг их хэмжээгээр үйлдвэрлэх чадалтай гуравхан компани дэлхийд байгаа нь Samsung, SK Hynix болон АНУ-ын Micron Technology ($MU) нар юм.
Сүүлийн жилүүдэд AI дэд бүтцэд хэрэглэгдэх төхөөрөмж үйлдвэрлэлийн аль нэг хэсэгт байрлах бүх л компани ямар их ашиг олсныг NVIDIA, TSMC, ASML зэргээс бид нар харсан. Тэгвэл Голдмен Саксын шинжээчид AI дата төвүүдийн хөрөнгө оруулалтаар чиглүүлсэн мөнгөний урсгал ойрын нэг жилдээ лав удаашрахгүй, харин ч илүү хурдсах магадлалтай гэж харж байна. Саяхан энэ 4-р сард ханшийн хүлээлтийг өсгөж SK Hynix-ийг 1.2 сая воноос 1.35 сая вон руу, Samsung Electronics-ийг 205,000 воноос 260,000 вон болгожээ.
Голдмен SK Hynix-ийн DRAM-ийн үнэ нийлүүлэлт бага байгаагийн улмаас өнгөрсөн жилийн өмнөхөөс 240 гаруй хувиар өсөх боломжтой гэж харж байна. Samsung-ийн жилийн нийт үйл ажиллагааны ашиг 2025 оныхоос тав дахин өсөж, өөрийн хөрөнгийн өгөөж (P/B) нь түүхэн дээд хэмжээнд хүрнэ гэж тооцоолж байна.
Гэхдээ хэчнээн шинжээчдийн таамаг эерэг байгаа ч Солонгосын хөрөнгийн зах зээл AI хөөсрөлд хэтэрхий их хамааралтай, 2-3 компани дээр төвлөрсөн байгаа нь ажиглах нэг эрсдэл юм.
Өндөр хөгжилтэй, тэр тусмаа капитализмын ноён оргил гэж хэлж болох Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлд ажиглагдах сонирхолтой үзэгдэл нь балансын үнээсээ доогуур ханшаар арилжаалагддаг хувьцаанууд юм.
Эхний ажиглах хэрэгтэй харьцаа нь үнэ-орлогын харьцаа буюу P/E юм. Энэ нь компанийн хувьцааны үнийг жил тутам олох ашигтай нь харьцуулж үздэг. Хэрэв P/E харьцаа нь 10 байвал нэг доллар олдог тэр бизнесийн харгалзах хувийг эзэмшихийн тулд зах зээл дээр $10 төлөх нь зүйтэй гэж үнэлж байна гэсэн үг. Маш өндөр P/E харьцаатай Palantir ($PLTR) мэт хувьцааг эзэмшигч $200 долларын хувьцаа худалдан авч байж тэр бизнесийн $1 олох хэсгийг эзэмшиж байна гэсэн үг. Иймэрхүү өндөр P/E харьцаатай компаниас хөрөнгө оруулагчид огцом өсөлт, технологийн том давуу тал, Монополистик хүлээлтийг үүсгэн орлого бага олдог компанийг харьцангуй өндөр үнэлж байгаа хэрэг. Харин бага P/E харьцаатай байхад тухайн компаниас хүлээх өсөлт хэмжээ бага, эсвэл харьцангуй хямдаар үнэлэгдэж байна гэж харж болно.
Хоёр дахь нь үнэ-өмчийн харьцаа буюу P/B юм. Баланс дээрх өмч нь компани эзэмшиж буй мөнгө, үйлдвэрлэлийн хэрэгсэл, бараа материал, газар зэргийн үнэлгээ юм. P/B харьцаа 1.0-ээс доош байх үед тухайн компани дампуурлаа зарлаад бүх хөрөнгөө зарахад олох бэлэн мөнгө нь тухайн зах зээлийн үнэлгээнээс их байна гэсэн үг. За жишээ нь нэг сая төгрөгийн зайрмагийн машинтай мухлаг ажлуулдаг, сар болгон 200 мянган төгрөгийн ашиг олдог байлаа гэж бодоход манай мухлагийн 800 мянган төгрөгөөр үнэлж байгаа мэт. Би уул нь нэг сая төгрөгийн машинаа зарахад л сая төгрөг босгочих байтал хөрөнгийн зах зээл хамаагүй багаар тухайн бизнесийг үнэлж байна.
Солонгост ийм тохиолдол олон бий. Солонгосын 2,700 гаруй хөрөнгийн бирж дээр арилждаг компаниудын багагүй хэсэг нь балансын үнэ цэнээс доогуур, нэлээд хэсэг нь цэвэр эргэлтийн хөрөнгийн үнэ цэнээс доогуур ханшаар арилжаалагддаг байна
Тэгвэл ийм хөгжилтэй орны олон жилийн түүхтэй санхүүгийн зах зээлд яагаад одоо болтол ийм хямд үнэлгээтэй компаниуд байгаад байгаад хэдэн шалтгаан бий.
Солонгосын хамгийн том бизнесүүдийг Samsung, Hyundai, LG, SK гэх мэт чэбол (chaebol) гэр бүлийн бизнесийн эзэнт гүрнүүд авч явдгийг мэдэх байх. Иймэрхүү гэр бүлийн бизнесүүдээс үүсэж буй нэг асуудал нь өв залгамжлалын татвар. Хөгжилтэй орнууд дунд хамгийн өндөр буюу 50% өв залгамжлалын татвартай байдаг. Тиймээс эдгээр гэр бүлийн бизнесүүд хувьцааны үнээ албаар бага байлгаж бага татвар төлөх арга хайдаг байна. Компани угаасаа үйл ажиллагаагаа сайн явуулаад, ашиг орлого нь сайн байгаа болохоор заавал хувьцааны үнийг дагуулж өсгөх шаардлага байхгүй.
Дараагийн нэг шалтгаан нь ногдол ашгийн татвар. 2025 оны сүүл хүртэл Солонгост ногдол ашгийг хувь хүний орлогод тооцож 49.5% хувь хүртэлх татвар төлдөг байж. Тиймээс компанийн эзэд мөнгөө хувьцаа эзэмшигчдэд тарааж өгөхийн оронд компанийн баланс дээр хуримтлуулахыг илүүд үзэх нь аргагүй. Бас л татвараас зугтаж байгаа нэг хэлбэр.
Гурав дахь нь чэбол компаниудын бүтэц. Нэг эзэмшилтэй салбар компаниудын хооронд харилцан хувьцаа эзэмшигчдийн сүлжээ байгуулж, харьцангуй бага эзэмшлээр чэбол гэр бүлүүд бүхэл бүтэн эзэнт гүрний хяналтыг өөрсдөдөө хадгалах боломжтой болдог сүлжээ юм. Энэ ярвигтай сүлжээ нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалдаггүй тул хөрөнгө оруулагчид цааргалах нэг шалтгаан болдог аж.
Үүнтэй төстэй хөрөнгийн зах зээлийн шилжилт японд саяхан болж өнгөрч байгаа. 1990 оны хөөсрөлт хагарснаас хойш Японы хувьцаанууд бэлэн мөнгө хуримтлуулдаг, харилцан хувьцаа эзэмшлийн сүлжээтэй, жижиг хувьцаа эзэмшигчдэд анхаарал хандуулдаггүй, өөрийн хөрөнгийн өгөөжийн харьцаа бага гэх мэт яг л Солонгосынх шиг болчихсон байсан. Харин 2023 онд Токиогийн Хувьцааны Биржийн (TSE) балансаас доогуур үнэлэгдэж буй компаниудад тавьсан шахалтын дагуу Японы шинэчлэлийн хөтөлбөр аажмаар компаниудыг засаглал, хөрөнгө оруулалтыг өөрчилж эхэлсэн. Компаниуд хувьцаагаа эргүүлэн худалдан авч, харилцан хувьцаа эзэмшлийн сүлжээг харьцангуй нээлттэй болгож, ногдол ашгийг нэмэгдүүлсэн нь хөрөнгийн зах зээлийн өсөлтөд хүчтэйгээр нөлөөлсөн.
Ингэснээр 2026 онд TOPIX болон Nikkei 225 индекс хоёулаа түүхэн дээд хэмжээнд хүрч сүүлийн хэдэн арван жил унтаа байдалд байсан Япон компаниуд буцаад дэлхий нийтийн анхаарлын төвд орсон байна.
Одоо харин Солонгос үүнтэй төстэй загвараар хөрөнгийн зах зээлээ тэлэхийг хичээж байна. 2024 оны 2 дугаар сард “Корпорацын Үнэ Цэнэ Нэмэх Хөтөлбөр” (Corporate Value Up Program) -ийг эхлүүлсэн. Энэ нь Японы саяны дурдсан загварыг шууд хуулсан санаачилга юм. Одоо Солонгосын ТУЗ-ын гишүүд шийдвэр гаргахдаа жижиг хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг анхаарч үзэх нь хууль ёсны үүрэг бөгөөд тэгэхгүй бол жижиг хувьцаа эзэмшигчид тэдний эсрэг шүүхэд хандах боломжтой. Мөн саяхан 2025 оны 12-р сард ногдол ашгийн татварын хувийг 45% хувиас 14–30% орчимд огцом бууруулах шийдвэр гаргасан нь чэбол гэр бүлүүд мөнгөө эргэлдүүлэх, ногдол ашиг тараах шийдвэр гаргахад түлхэц болсон.
Гадны Activist Fund-ууд (Dalton, Oasis, Asset Value Investors, Palliser, Flashlight Capital Partners) Солонгост үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь ч нөхцөл байдал илүү ээлтэй, нээлттэй зах зээлрүү шилжиж буй дохио болов уу. Эдгээр шинэчлэлүүдийн шууд нөлөө хараахан компанийн засаглал дээр харагдаж эхлээгүй байгаа ч хувьцааны үнэ бас харьцангуй хямд байгаа гэдэг нь таатай мэдээ.
KOSPI индекс, ETF-үүдэд багтдаггүй, хүмүүсийн төдийлөн мэдээд байдаггүй ч маш их бэлэн мөнгөтэй, үнэ-орлогын харьцаа багатай сайн бизнесүүд энэ засаглалын өөрчлөлтэй холбоотой мөнгөний урсгалын хүлээж буй нэлээдгүй их хувьцаанууд бий.
KPX Chemical (KOSPI: 025000) - KPX нь матрас, дулаалга, авто унааны дотор тал, наалт зэрэгт ашиглагддаг хөөсөнцрийн химийн бодис үйлдвэрлэдэг компани. Тийм сүртэй технологийн компани биш ч гэсэн 7% ногдол ашиг, нэмэх нь 4.9% хувьцаа эргүүлэн худалдан авалтын өгөөжийг тооцвол 11.97% болно. Энэ нь хувьцааны үнийн өсөлтийг тооцоогүй зүгээр л тухайн хувьцааг эзэмшихэд авах өгөөж. Баланс дээрх өмчийн үнэлгээ нь одоогийн хувьцааны зах зээлийн үнэлгээний 0.37, бэлэн мөнгөний 282 тэрбум воны хөрөнгөтэй маш ашигтай бизнес юм. Ян гэр бүл олон жил энэ бизнесийн эзэмшсэн бөгөөд энэ жилээс эхлэн жижиг хувьцаа эзэмшигчдийн шаардлагыг сонсохоос өөр аргагүй болоод байгаа юм.
Saramin (KOSDAQ: 143240) - Saramin нь Солонгосын ажил зуучлалын хамгийн том платформ. Манайхаар zangai юм уу даа. Зах зээлдээ бараг монопол гэж болохоор тоглогч бөгөөд ROE харьцаа нь 0.34 тэй, P/B харьцаа нь бүр нэгээс бага. Энэ нь компанийн мөнгөн хөрөнгө түүний зах зээлийн үнэлгээнээс илүү байна гэсэн үг. Тийм их хөрөнгөтэй, зах зээлийн том тоглогчийн хувьд одоогийн үнэлгээ их хямд байна гэж харж болохоор байна.
Spigen Korea (KOSDAQ: 192440) - Spigen нь гар утасны кейс ба дагалдах хэрэгсэл үйлдвэрлэдэг солонгос компани. 0.14x EV/EBITDA, P/B 0.30, P/E 5.3, 214 тэрбум воннын мөнгөн хөрөнгөтэй, мөн дөнгөж зарлагдсан шинэ хувьцаагаа эргүүлэн халааслах хөтөлбөр зарлаад байгаа нь одоогийн ханшаас 6.4% өгөөж хүртэх боломжтой болгож байна. (өнгөрсөн улирал үйл ажиллагааны алдагдалтай гарсан тул азнахад гэмгүй)
Kortek (KOSDAQ: 052330) - Kortek нь тоглоомон машин, эмнэлгийн төхөөрөмж, нисэхийн хөдөлгөөний удирдлага, казино талбайн тоног төхөөрөмжид зориулсан тусгай зориулалтын үйлдвэрлэлийн дэлгэц үйлдвэрлэдэг. Нарийн зохицуулалттай салбарын дэлгэцүүдийг үйлдвэрлэдэг тул хэрэглэгчид өөр компаниар солих боломж бага. Олон өөр төрөлжсөн зах зэлүүд рүү худалддаг тул ямар нэгэн цикл, трендээс хамаарал багатай. Сүүлийн тайлан дээх 28.8% орлогын өсөлт ба 17% үйл ажиллагааны ашгийн хувь үзүүлсэн. EV/EBITDA 1.76х болон ROE 7.78% байгаа нь тун дажгүй харагдаж байна.
Viatron (KOSDAQ: 141000) - Viatron нь дэлгэц болон хагас дамжуулагчийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Идэвхтэйгээр хувьцаа халааслах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа компани бөгөөд зөвхөн buyback өгөөж нь гэхэд 5.86%. Балансын мөнгөн хөрөнгө нь зах зээлийн үнэлгээний 72%-тай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл та хувьцаа худалдаж аваад мөнгөнийхөө бараг гуравны хоёрыг балансаас буцааж авах боломжтой бөгөөд үлдсэн 28%-тайгаараа 12% орлогын өсөлт, 14% үйл ажиллагааны ашгийн хувьтай бизнесийг авч байна гэсэн үг.
Osung Advanced Materials (KOSDAQ: 052420) - Osung нь Samsung Battery-д зориулж тусгай хальс үйлдвэрлэдэг нийлүүлэгч. Үйлдвэрийн эд анги үйлдвэрлэдэг гэхэд 18.2% ашгийн маржин нь харьцангуй өндөр. P/E 4.27, EV/EBITDA 1.37х нь ашигтай. Хувьцаагаа идэвхтэй халаасалж буй Самсунгийн чухал эд ангийг нийлүүлдэг компани улам өсөх магадлал их байгаа..
Dongyang E&P (KOSDAQ: 079960) - Dongyang нь цахилгаан машины цэнэглэгч болон нарны эрчим хүчний эд ангиуд, панел үйлдвэрлэдэг компани. Энэ хоёр зах зээл хоёулаа AI хөөсрөлтөөс хамаарахгүйгээр урт хугацаанд илүү ирээдүйтэй байх боломжтой. Гэтэл үнэлгээ нь хямралттай харьцангуй хямд байна. EV/EBITDA 1.41х, P/E 5.44, ROE 11%. Солонгосын цахилгаан тоног төхөөрөмжийн салбар дунджаар 15х P/E-ээр арилждаг тул Dongyang нь салбараасаа гурав дахин хямд гэж үзэж болно.
DUAL (KOSPI: 016740) - DUAL нь Hyundai, Kia зэрэг Солонгосын авто үйлдвэрлэгчдэд эд анги нийлүүлдэг. 796 тэрбум воннын ашигтай нэлээн том компани. Гэтэл EV/EBITDA 1.4х, EV/үйл ажиллагааны орлого 2.1х, ROE 6.19%. Энгийн үгээр хэлбэл $595 сая орлоготой авто эд ангийн бизнесийг хоёр жилийн ашгийн дүнтэй тэнцэх үнээр үнэлж байна. Байж боломгүй хямд мэт
Эдгээрийн алин нь ч санхүүгийн зөвлөгөө биш гэдгийн сануулая.
Энэ бичвэрийн зорилго нь Макро түвшинд, Солонгосын хөрөнгийн зах зээлд томоохон салхи орж ирж байгааг уншигчдад сануулах гэсэн юм. Эдгээрээс гадна маш олон сонирхолтой бизнесүүд байж болох ч мэдэхгүй компанид хөрөнгө оруулж байгаа болохоор судалгаагаа хувь хувьдаа сайн хийгээрэй гэж хүсэж байна.