EZ Эдийн засаг

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг DOW JONES индексээр таамаглах нь...

DOW JONES индекс өнгөрсөн 24 Ерөнхийлөгчийн сонгуулийн 22-ыг нь ЗӨВ таамаглаж байсан. Энэ жил таамаглалын дагуу Трамп, Харрис хоёрын хэн нь ялах боломжтой вэ?

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Энэ удаагийн сонгуульд аль тал нь ялна гэдэгт хэн ч баттай таамаглаж чадахгүй мөн ширүүн өрсөлдөөн болж байна. Энэ бичвэрээрээ сонирхолтой таамаглалын тухай дурдъя.

Leuthold Group-ийн Хөрөнгийн зах зээлийн судлаачид нэгэн судалгааг ил болгосон. АНУ-ын хамгийн нэр хүндтэй 30 компанийн индекс буюу DOW JONES-р урьд өмнөх болсон 24 удаагийн сонгуулийн 22-ийг нь зөв тааж байжээ.

Хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуультай жилийн санал хураах өдрөөс сүүлийн 3 сарын хугацаа дахь хувьцааны зах зээл өсөлттэй буюу нэмэх үзүүлэлттэй байвал одоо эх барьж байгаа нам дахин ялалт байгуулах магадлал маш өндөр. Харин эсрэгээрээ санал хураалтын өдрөөс өмнөх 90 хоногийн хугацаанд зах зээл уналттай байвал эсрэг нам ялалт үзүүлдэг зүй тогтол үүсжээ.

Одоогоор энэ жил DOW JONES индекс 12%-ийн өсөлттэй явна. Сонгуулийн санал хураалт авах өдөр хүртэл энэ өсөлтөө хадгалж чадвал Камала Харрис ялах магадлал тун өндөр болно. Эсрэгээрээ сонгуулийн өдөр хүртэл хувьцаанууд хүчтэй уналт үзүүлбэл Трамп ялах боломжтой. Энэ зүй тогтлоор S&P 500 индекс дээр бас анзаарахад 24 сонгуулийн 20-ийг нь зөв таарч байгаа.

Доорх хүснэгтээр үе үеийн сонгуулийн үзүүлэлтүүдийг харуулав:

Incumbent party- Эх баригч нам

Тун энгийнээр сонгуулиас 3 сарын өмнөөс сонгуулийн өдөр хүртэл DOW JONES өсөлттэй явж байвал сонгуулийн дүн эх баригч намын талд гардаг. Уналттай буюу 0%> байвал эсрэг нам баяраа тэмдэглэх магадлал юм.

Одоогоор сонгуулийн өмнөх 11 долоо хоног тоологдож эхэлснээс хойш Dow-ийн үнэлгээ 5.5% өсөлттэй байгаа нь Харрисын хувьд таатай нөхцөлийг илэрхийлж магадгүй. Гэсэн хэдий ч санал хураалтын өдөр буюу 11-р сарын 5 хүртэл бараг л сар гаруй хугацаа тэр хүртэл хөрөнгийн зах зээлийн уналт орж ирэх боломжтой юу үгүй юу гэдэг асуулт байна.

Дүгнэхэд үүнээс бид хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал хүмүүсийн сэтгэлзүй болон санал хураалтад ямар их нөлөөтэй байж болохыг харж байна. Энэхүү мэдээлэл зөвхөн сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглаж буй хүмүүст ойлголт өгөх зорилготой. Dow-ийн энэ зүй тогтол өндөр магадлалтай байгаа ч энэ сонгууль маш өрсөлдөөнтэй, урьдчилан таамаглах аргагүй хэвээр байна.

Хүндэтгэсэн

М. Үлэмж