EZ Эдийн засаг

Орчин цагийн шилдэг хөрөнгө оруулагч: Leopold Aschenbrenner болон AI хувьцаанууд

Леопольд Ашенбреннер, Situational Awareness, ба энэ аравны шилдэг жилийн арилжаанууд

Цахиурын хөндий, Уолл Стрийтийн хүн болгоны анхаарлыг татаж, арилжаа болгоныг нь чих тавин хүлээх болсон 25 настай Леопольд Ашенбреннер хэрхэн $225 саяыг $5.5 тэрбум болгон өсгөсөн талаар сонирхъё.


Леопольд одоогоос хоёр жилийн өмнө “Situational Awareness: The Decade Ahead” нэртэйгээр өөрийн өнцгөөс хиймэл оюун ухааны хөгжил, ирж буй ирээдүйг таамагласан 165 хуудастай pdf дүүрэн эсээ бичиж олон нийтэд нийтэлсэн. Тэгээд яг л энэ эсээн дээрээ бичсэн итгэл үнэмшлийнхээ дагуу арилжааны сан байгуулж өнөө цагийн шилдэг хөрөнгө оруулагчдын нэг аль хэдийнээ болчихсон байв.

Леопольд Ашенбреннер багадаа германаас АНУ руу эцэг эхийн хамт ирэн Колумбийн их сургуулийг 19 настайдаа эдийн засаг болон математик статистикийн мэргэжлээр ангийнхаа шилдгээр төгссөн. Колумбид байхдаа Эффектив Альтруизмын (Effective Altruism) -ийн сургуулийнхаа клубийг анх үүсгэж байгуулж энэ философийн идеологид оролцоотой болсон нь түүний анхны ажилд ороход нөлөөлсөн байх. Эффектив Альтруизмын тухайн үеийн хамгийн том төлөөлөгч, санхүүжүүлэгч байсан FTX-ийн Сэм Бэнкман Фридийн хөрөнгө оруулалтын санд орсон.Улмаар FTX 2022 онд нурж унах хүртэл тэнд ажиллаж байгаад OpenAI-ийн superallignment буюу алдарт Илья Сутскевер (Ilya Sutskever)-ийн дор хүн төрөлхтөнөөс ухаантай хиймэл оюун ухаан ирэх үед бэлдэх, хэрхэн хянах зорилгийн дор тухайн багт ажиллаж байж.

Жилийн дараа OpenAI-ийн дотоод системийн чат мэдээлэл алдагдахад Ашенбреннер компанийн удирдлага, хятадын эсрэг авч буй арага хэмжээг хангалтгүй гэж хүчтэйгээр шүүмжилж байсан нь ил болж 2024 оны 4 сард OpenAI-аас 22 настай байхдаа халагдсан байна. Өөр хэн нэгэн дэлхийн хамгийн том хиймэл оюун ухааны компаниас ийм сонин үндэслэлээр халагдсан бол шууд шүүхдэлцээд мөнгө олохоо л бодох байсан байх. Харин Леопольд түүний оронд сүүлийн хэдэн жил мэдэж авсан зүйлсээ нэгэн эсээнд бичиж нийтэлсэн нь бүх зүйлийн эхлэл болсон.

Эсээ

Ашенбреннерийн Situational Awareness: The Decade Ahead эсээний гол санаа нь маш энгийн. 2019 онд GPT-2 цэцэрлэгийн насны хүүхэд шиг, 2020 онд GPT-3 бага сургуулийн хүүхэд шиг, 2023 онд GPT-4 онц сурдаг ахлах ангийн сурагч шиг бичдэг болсон. Цэцэрлэгийн хүүхдээс ухаалаг ахлах ангийн сурагч хүртэлх шилжилт дөрвөн жил үргэлжилсэн бөгөөд гурван Orders of magnitude-аар ихэссэн байна. Orders of magnitude гэдэг нь арвийн зэргээр үржүүлсэн хэмжээ гэсэн үг. (Нэг orders of magnitude нь 10-т үржүүлсэн, 2 orders of magnitude гэвэл 100 дахин үржүүлсэн хэмжээний гэсэн үг. Статистик дээр натурал лог хэмжигдэхүүн авдагтай адил.)

Леопольдийн үзэж буйгаар энэхүү тренд зогсохгүй ойрын хэдэн жилд яг энүүгээрээ явна гэдэгт итгэлтэй байсан аж. Compute буюу дата төвүүдийн хиймэл оюун ухаан бэлтгэх, ажиллуулах чадвар жилд 0.5 OOM-оор ихсэж буй, Хиймэл оюун ухааны алгоритмын үр бүтээлтэй байдал бас жилд 0.5 OOM-оор ихсэж байсан аж. Нэг ёсондоо хүчин чадал нь улам нэмэгдээд, яг ижил хэмжээний хүчин чадлаар хийж чаддаг байсан ажил нь бас давхар ихсэж байна гэсэн үг. Бутархай тооны хүртвэр нь ихсээд, хуваарь нь бас багасаж байгаа гээд л ойлгочиход болно. Леопольдийн дараагийн ярьж буй гол сэдэв нь unhobbling гэж нэрлэсэн бусад хиймэл оюун ухааны хийж чадах нэмэлт чадварууд болон тэдний бас сайжирч буй хурд. Жишээ нь: CoT, Tool calling, MCP гэх мэт.

Саяных эсээний хамгийн чухал техникал хэсэг нь. Үлдсэн хэсэг нь ер нь ирээдүйд ийм юм болох байх, юу чухал вэ гэдгийг таамаглаж бичсэн байгааг товчлоод хэлбэл:

— Хэрэв хиймэл оюун ухаан OpenAI, Anthropic-д ажиллаж буй судлаач, инженер нарын түвшинд оччихвол өөрөө өөрийгөө сургах бүрэн боломжтой болж хөгжлийн хурдны хувьд тэсрэлт болох боломжтой

— Хиймэл Оюун ухааны хувьсгал хүн төрөлхтний түүхэн дахь хамгийн том аж үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх болно

— АНУ - Хятадын хооронд хүйтэн дайны үе мэт хурц өрсөлдөөн, тагнуул, эдийн засгийн дайн хурдасна.

— Дэлхийн 2-р дайны үед болж байсан шиг Манхэттэний төслийн хэмжээний том арга хэмжээ засгийн газрын зүгээс авах шаардлагатай

— Супер оюун ухаант AI-ийг хэн нэгэн хувийн компанийн захиралд даатгаж үлдээх хэтэрхий аюултай.

Тэгээд эцэст нь энэ эсээгээрээ дамжуулж хэлэх гээд байгаа санаа нь өнгөрсөн хэдэн жилийн өсөлтийн трендлайнд итгэх хэрэгтэй, энэ нь удаашрахгүй, хөөсрөлт биш харин хүн төрөлхтөн дараагийн шатанд хүрэх үүдний өмнө ирээд буйг хүмүүст онцолж хэлэхийг хүссэн хэрэг.

Энэхүү 165 хуудас pdf эсээ хурдан тархаж 2024 оны 6 сарын эхээр Дваркеш Патэл (Dwarkesh Patel) - тэй хийсэн дөрвөн цагийн ярилцлага түүний санаануудыг олонд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайн 9 сарын төгсгөлд Иванка Трамп эсээг магтаж заавал унших хэрэгтэй гэж олон нийтийн сүлжээнд дэмжсэн нь Ашенбреннерийн санаануудыг Америкийн Засгийн газрыг авсан Трамп захиргааны анхааралд хүртэл хүргэх болсон. Хиймэл оюун ухааны ертөнцөд яг юу болоод байгаа, юу болох гэж буй нөхцөл байдлыг тухайн үед Цахиурын хөндийн тоотой хэдэн судлаач, инженерүүд, хөрөнгө оруулагч нар л гадарлаж байсан бол энэхүү эсээгээр олон нийтэд, их сургуулиуд, институтүүд, төр засгийнханд хүрэх боломжтой дэлгэрэнгүй бичиглэл болсон нь Situational Awareness.

Эсээг нийтэлснээс гурван сарын дараа 2024 оны 9 сард тэрээр Situational Awareness LP гэх хөрөнгө оруулалтын сангаа байгуулсан. Өөрийн хувийн бүх хөрөнгөө сандаа оруулахаас гадна блог уншигчдадаа нээлттэйгээр хөрөнгө оруулахыг уриалж Stripe-ийн үүсгэн байгуулагч Коллисон ах дүүс, Nat Friedman, Daniel Gross гэх мэт Сан Францискод алдартай хөрөнгө оруулагчдаар сангаа босгожээ. Питер Тиелийн Клэриум Капиталд партнер байсан Карл Шуллманыг хөрөнгө оруулалтын судалгаа хариуцсан захирлаар томилж $225 сая долларын хөрөнгөтэйгөөр 23 настай Леопольд Ашенбреннер өөрийн эсээгээрээ нэрлэсэн Situational Awareness LP-г удирдах болов.

Тэгвэл жилийн дотор $225 сая долларын хөрөнгөтэй байсан сан 2025 оны 4-р улирлын тайлан гаргахдаа $5.52 тэрбум долларын хөрөнгө мэдүүлжээ. Хэдийгээр нэмэлт хөрөнгө оруулалтын капитал орж ирсэн нь ойлгомжтой ч түүний портфолио дээрээ сонгосон хувьцаануудыг харвал энэ өсөлт ихэнх нь түүний ур чадвар гэдэг нь харагдана. Хэдэн тэрбум доллар удирдаж байж жилд 1000% өгөөж өгдөг сан байвал юу гэсэн үг вэ? Урт хугацааны туршид ийм өгөөж амлах боломжгүй ч түүний энгийн боловч ухаалаг арилжааны шийдвэрүүд, яаж өдий 25 насандаа дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчдын эгнээнд яригдах болсон талаар дэлгэрэнгүй задалъя.

Сангийн багцыг бүрдүүлэх хувьцаа болгоны ерөнхий шалтгааныг олон нийтэд бичсэн эсээ дээрээ аль хэдийн биччихсэн байгаа. Хэрэв үнэхээр л хиймэл оюун ухааны хувьсгал зогсохгүй улам хурдсах бол ASI, AGI ирэх үед ховордох зүйлс нь дэд бүтэц болж хувирна. Эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө, Дата төвийн хүчин чадал, санах ойн чип, ус, трансформатор, хөргөлтийн систем гэх мэт. Хиймэл оюун ухааны эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэг гаргах нийлүүлэлтийн холбооны хаана бөглөө үүсэж гацаж байна, тэнд байгаа компанийн хувьцааг ав.

Bloom Energy (NYSE:BE)

Блум Энержи юу хийдэг вэ гэхээр solid-oxide fuel cell ашиглан байгалийн хийг шууд цахилгаан болгон хувиргадаг.

Энгийнээр хэлбэл Блум Энержи байгалийн хийг газар дээр нь эрчим хүч болгож гаргаж авдаг технологи зардаг гэсэн үг. Дизэл генератор шиг Блум Энержигийн том хайрцаг руу байгалийн хий оруулахад маш их хэмжээний эрчим хүч тасралтгүй үйлдвэрлэх боломжтой. Хиймэл оюун ухааны дата төвүүдийн тулгарч буй хамгийн том дэд бүтцийн асуудлуудын нэг нь эрчим хүч. Төвийн цахилгааны шугам ачаалал ихтэй, зарим хөдөө нутагт их хэмжээний цахилгаан нийлүүлэхээр зориулагдаагүй тул хэдэн жилийн дараагаас л дата төвүүдийн эрэлтийг хангахаар байж. Тиймээс Леопольд америкад хамгийн түгээмэл түлш болох шингэрүүлсэн байгалийн хийгээр хэдэн гигаватт эрчим хүч тасралтгүй нийлүүлдэг Блум Энержи хамгийн их эрэлттэй болно гэдэгт итгэлтэй байсан аж

Situational Awareness Эсээний III a бүлэгт их наяд долларын compute cluster ирж байгаа, эрчим хүч гол асуудал болно, АНУ дотоодын байгалийн хийгээрээ бүтээн босгож чадна гэж бичиж байсан. Яг л үүнийхээ дагуу тэр байгалийн хийг дата төвийн цахилгаан болгон газар дээр нь хувиргадаг компанийн хувьцаа авсан. Bloom Energy жил хагасын дотор 1000%+ өсчихсөн байна.

Bitcoin miner-ууд

Дараагийн онцлох хувьцаанууд бол крипто олборлодог компаниуд. Уурхай юм чинь ашигтай байж л таараа гээд авчхаагүй харин маш ухаалаг шалтгааны улмаас эдгээрийг авахаар болсон. Bitcoin олборлолт 2024 оны 4 сарын halving хагасалсны дараа ашигтай ажиллахад маш хэцүү болсон. Леопольдийн олж харсан зүйл бол улсын зөвшөөрөл авчихсан үйлдвэрийн газар, хэдэн жилийн өмнө гарын үсэг нь зурагдчихсан төвийн эрчим хүчтэй холбогдох гэрээнүүд, аль хэдийн суурилуулсан хөргөлтийн дэд бүтэц, өндөр нягтын эрчим хүчний систем гээд AI дата төвд тулгарч буй бүх хэрэгцээ Биткойн олборлогч нарт байв. Шинээр энэ зөвшөөрлүүд, дэд бүтцийг бэлтгэнэ гэдэг хэчнээн мөнгөтэй байгаад хэдэн жилийн процесс болно. Зүйрлэж хэлбэл Шинээр алкохол зарах зөвшөөрөл авах гэж 3 жил хүлээх байсан болохоор аль хэдийнээ алкахол зарах зөвшөөрөлтэй бар худалдаж байна гэсэн үг. Core Scientific, IREN, Cipher Mining, Riot Platforms, Hut 8, Bitdeer, CleanSpark, Bitfarms, Applied Digital зэрэг 10 гаруй биткойн майнинг компани авчээ. Эдгээр компаниудын хувьцаа жилийн дотор бараг бүгдээрээ 100%-аас дээж хувиар өссөн байна.

CoreWeave Inc (NASDAQ:CRWV)

Дараагийн нэг том арилжаа бол CoreWeave. Анх Ethereum майнинг компаниар эхэлсэн ч үйл ажиллагаагаа өөрчлөн үүлэн дэд бүтэц, compute, GPU түрээслэх үйл ажиллагаа эрхэлдэг болсон. Леопольдийн үзэж байгаагаар AI Лабууд өөрсдийн эрэлтээ хангаж чадахгүй тул гуравдагч түрээсийн үйлчилгээ үзүүлдэг CoreWeave шиг компаниудын эрэлт өснө гэж таамаглажээ. Хэдийгээр энэ таамгийн дагуу тэдний орлого, ирээдүйн эрэлт огцом өсөж байгаа ч хувьцааны ханш нь пуужиндаагүй байгаа багц дахь ганц хувьцаа нь гэж хэлж болно.

Intel (NASDAQ:INTC)

Эссэндээ Леопольд АНУ-ыг хиймэл оюун ухааны нийлүүлэлтийн холбоогоо хатуу хяналтад авч, дотоодын чип үйлдвэрлэлээ хөгжүүлэх ёстой гэж бичсэн. Дэлхийн дэвшилтэт чипний зах зээл бараг бүхэлдээ Тайваньд TSMC-д байдаг. Хэрэв Хятад Тайвань руу аливаа алхам хийвэл АНУ-ын хиймэл оюун ухааны зах зээл, эдийн засаг, технологийн давуу тал бүхэлдээ нэг шөнийн дотор зогсох эрсдэлтэй.

АНУ-ын газар дээр өндөр чанарын чип үйлдвэрлэж чадах цорын ганц боломжтой компани нь Intel. Гэхдээ Intel сүүлийн арван жилд зах зээлийн эзлэх хувиа NVIDIA, AMD-д алдсаар, Уолл Стрийтийн зүгээс уг компанийг нухацтай авч хэлэлцэхээ болиод байсан.

Харин Леопольд 2025 оны 1-р улиралд ойролцоогоор $459 саяын Intel-ийн call option авсан. Call option гэдэг нь тухайн хувьцааг ирээдүйд тогтсон үнээр худалдан авах эрх юм өндөр хөшүүрэгтэй арилжааны хэрэгсэл юм. Intel бол Америкийн засгийн газрын хувьд зайлшгүй стратегийн чухал бүтээгдэхүүн болно гэдгийг, Одоогийн үнэлгээ нь хямд байна гэдэгт бүрэн итгэлтэй байсан учраас энэхүү шийдвэрийг гаргасан.

Тэгээд яг л таамагласны дагуу хэдхэн сарын дараа АНУ-ын засгийн газар Intel-д шууд хөрөнгө оруулалт хийж NVIDIA хүртэл $5 тэрбум долларын $INTC зах зээлээс худалдаж авсан.

Леопольдийг худалдаж авч байх үед INTEL ердөө $20 хавьцаа байсан бол өнөөдөр аль хэдийнээ жилийн хугацаанд $100 давчихсан байна.

SanDisk (NASDAQ:SNDK)

SanDisk бол NAND flash төрлийн санах ой үйлдвэрлэдэг компани. Хувьцаа нь арилжаанд орсон хоёр сарын дотор анхны үнээсээ 46 хувиар буурсан. Орлогын тайлан нь сайн биш, алдагдалтай, чөлөөт мөнгөн урсгал сөрөг, салбар нь саяхан хүнд уналт давсан. Суурь шинжилгээ хийсэн хөрөнгө оруулагчид SanDisk-ийг авахыг хэзээ ч зөвлөхөөргүй нөхцөл байдалд байсан.

Харин Леопольд өөр зүйлийг олж харсан. Хэрэв AI compute жилд хагас OOM-аар өсөж байгаа бол түүнтэй холбогдох бусад зүйлс хамт өсөх ёстой. NAND флаш бол AI системийн чухал хэсэг.

NAND-ын эрэлт жилд 20-22%, нийлүүлэлт нь 15-17%-аар л өсөж чадна. Шинэ үйлдвэр барих нь хэдэн жилийн ажил, мөн Самсунг, SK Hynix, Micron зэрэг үйлдвэрлэгчид 2023 оны нийлүүлэлтийн уналтын дараа нийлүүлэлтийг ихэсгэх ажлуудаа түх хугацаанд зогсоочхоод байсан. Эрэлт өсөх нь ойлгомжтой байхад нийлүүлэлт нь огт өсөх боломжгүй болчихсон нөхцөл байдал гэсэн үг. Энгийн эдийн засгийн хуулийн дагуу үнэ өсөх нь ойлгомжтой. Хувьцааны үнэ ч үүнийг дагаж 1300% өсөлт үзүүлжээ.

Энэхүү арилжаанууд хиймэл оюун ухаан яаж ажилладгийг мэддэг, салбартай ойрхон хүмүүст мэдээжийн мэт санагдах байх. Гэхдээ тухайн үед хэний ч бүрэн итгэлтэй байгаагүй дутуу мэдээлэл дээр өөрийн нэр дээрээ эрсдэл авч, энэ их мөнгийг босгон гүйцэтгэсэн нь гайхалтай.

Леопольд Ашенбреннер сүүлийн 10 жилд яг юу болохыг Ванга шиг таамаглах гээгүй харин энгийн хүмүүст нөхцөл байдлыг ойлгох мэдрэмжтэй, хэр чухал түүхэн үйл явцын эхлэлд байгаагаа ойлгоосой гэдгийг харуулахыг хүссэн мессеж. Технологи өмнө хэзээ ч байгаагүй хурдаар өөрчлөгдөж бидний өмнө мэддэг байсан ойлголтуудаа шинэчлэх цаг үе ирээд байна. Мөнгө, хөдөлмөр, этик, геополитик, урлаг гээд бүгд танигдахааргүй болох байх. Харин энийг, уншиж байгаа хүмүүст OpenAi-ийн лабораториос гадна байгаа хүмүүст мэдрэмж өгөх гэсэн оролдлого нь энэхүү эсээ. Тиймээс ч эсээгээ Situational Awareness гэж нэрлэсэн байх.

Одоогоор 2 жилийн хугацаанд түүний эсээн дээрээ бичсэн бараг бүх зүйл биеллээ олсон бол дараагийн хэдэн жилд зөгнөсөн ирээдүйг, нөхцөл байдлыг ойлгож, өөртөө ашигтайгаар яаж эргүүлж болох вэ гэдгийг та бид бодох хэрэгтэй болов уу.