SpaceXAI: Дэлхийн түүхэн дахь хамгийн том IPO
SpaceXAI-ийн IPO тоглоомын дүрмийг хэрхэн шинэчилсэн болон Илон Маскын нөлөө
Дэлхийн хамгийн баян хүн гэдгээр нь Илон Маскийг хүн болгон л мэдэх байх. Өдгөө 54 настай тэрээр Paypal, SpaceX, Tesla, Neuralink, XAI, X/Twitter гээд хэдэн тэрбум долларын үнэлгээтэй хэд хэдэн компанийг удирдаж, улс төр, нийгмийн асуудалд мөн ихэд идэвхтэйгээр оролцдог. Гэхдээ нэг сонирхолтой зүйл нь түүний удирдлага доорх компаниудаас зөвхөн Тесла л олон нийтэд хувьцаагаа санал болгож IPO хийж байсан. (PayPal ebay-д зарагдсаны дараа IPO хийсэн) Хувьцаагаа хөрөнгийн зах зээл дээр гарган нээлттэй компани болно гэдэг нь ихэвчлэн үйл ажиллагаагаа тэлэхэд нэмэлт хөрөнгө хэрэгтэй болох үед, хаалттай хөрөнгө оруулагчдаас төвлөрүүлэхэд хэтэрхий их мөнгө байхад компаниудын хийдэг зүйл.
Харин Энэ сард олон нийтэд хувьцаагаа зарлан IPO хийх гэж буй SpaceXAI (NASDAQ:SPCX) компани нь түүний хөрөнгийн ихэнх хувийг эзэлдэг Тесла-гаас ч өндөр үнэлгээгээр арилжаалагдаж эхлэх гэж байна. Хүн төрөлхтний түүхэн дахь хамгийн том хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөн орж ирэх гэж байна гэж хэлж болно. SpaceXAI $1.75 их наяд долларын үнэлгээтэйгээр олон нийтээс $75 тэрбум доллар босгохоор зэхэж байна. Тэгвэл яаж яваад ийм өндөр үнэлгээнд энэ компани IPO зарлахаар болсон, уншигчдын мэдэх ёстой мэдээллүүдийг товчхон хүргэе.
Бидний мэдэхээр SpaceX бол пуужингийн компани. Старшип хөлгүүдийг сансарт хөөргөж ачаа зөөх, даалгавар биелүүлэх зэрэг засгийн газрын тендерээр орлого олдог. Гэхдээ үүнээс илүүтэйгээр хамгийн чухал хэсэг нь Старлинк хиймэл дагуулууд. Нам тойрог замд байрлах хиймэл дагуулуудын сүргээс дэлхий рүү интернэт цацдаг нь дэлхийн хаана ч, сүлжээ байхгүй гэх зовлонгүйгээр интернэтэд холбогдох боломжийг нээсэн. 2025 онд хүн төрөлхтний тойрог замд хүргэсэн нийт ачааны 80 гаруй хувийг SpaceX дангаараа хүргэж. Старлинк хиймэл дагуулуудын хувьд ч нам дор тойргийн монопол болчихсон гэж хэлж болно. Сансарт хиймэл дагуулын байрлах газрыг үл хөдлөх хөрөнгө шиг зардаггүй болохоор түрүүлж ирсэн нь хамгийн ашигтай байрлалыг эзэмших боломжтой. SpaceX-ийн хиймэл дагуулууд долгионы асуудал багатай, сансарын хогноос зайтай, үйлчилгээ үзүүлэх хамгийн тохиромжтой хэсгийг нь аль хэдийнээ эзлээд авчихсан. Салбартаа ямар ч өрсөлдөгчгүй тоглогч гэж хэлж болно. Хэдийгээр Blue Origin-ийн сүүлийн үеийн төслүүд сайшаалтай байгаа ч SpaceX-ийн хэмжээнд хүрэх болоогүй. Үнэхээр өөр мундаг компани эсвэл аль нэг улсын засгийн газар гарч ирээд хиймэл дагуулууд илгээн Старлинктэй өрсөлдье гэсэн ч аль хэдийнээ ашигтай газруудыг нь эзэлчихсэн болохоор эрх зүйн том маргаа л гарах байх даа. Тэгвэл одоо SpaceXAI болгон нэрээ өөрчлөгдсөн их наяд долларын үнэлгээтэй гигантын Илоны хамаарлыг ойлгох нь хамгийн чухал. Илон Маскийн намтар номыг уншсан бол Анх пуужин барих санаанаас эхлүүлээд бүх зүйлийг нарийн ярьдаг тул энэ санхүүгийн хувьд, компанийн засаглалын талаар голчлоё.
Бид бүгдийн мэдэх сошиал медиа платформ Твиттерийг 2022 оны 10 сард $44 тэрбум доллароор худалдаж авч нэрийг нь X болгон өөрчилснийг бүгд мэдэх байх. Тус худалдан авалтыг LBO зээл болон Ларри Эллисон, Sequoia, A16z, Саудын Араб, Катар зэрэг томоохон хөрөнгө оруулагчдын хамтаар худалдаж авсан. Тухайн үеийн Твиттерийн нөхцөл байдал, зах зээлийн үнэлгээнээс хэд дахин үнэтэй үнээр худалдаж авсан ч энэ бүгд Илоны төлөвлөгөөний нэг хэсэг.
OpenAI болон Anthropic тай өрсөлдөхөөр байгуулсан түүний xAI компани 2025 оны 3 сард X/Твиттер-ийг худалдаж авав. Энэ удаад харин бэлэн мөнгөөр биш тухайн компанийн хувьцаа эзэмшигчдэд шинээр байгуулагдсан компанийн хувьцааг тухайн үеийн үнэлгээнд нь тааруулан хуваарилах замаар хийгдсэн мэржэр. xAI-д өөрийн Грок чатботоо сургахад хэрэгтэй байсан зүйл нь бусад компаниудад байхгүй, хүний бичсэн дата. Мөн аль хэдийнээ хэдэн зуу сая хүн зочилдог сошиал медиа дотор бүтээгдэхүүнээ оруулах боломжтой болж байгаа нь энэ. Хэдийгээр гоё сонсогдож байгаа ч шинээр үүссэн xAI шинээр хэдэн сая үйлчлүүлэгчид үйлчлэхийн тулд өмнөхөөсөө ч их алдагдалтай ажиллах хэрэгтэй болсон. Үүн дээр нэмээд анх Твиттерийг худалдаж авч байх үеийн $10 тэрбум орчим долларын өр нь дагалдаад ирсэн тул санхүүгийн хувьд тийм ч сайн биш байлаа.
xAI 2025 оны гуравдугаар улиралд 107 сая долларын орлогын эсрэг 1.46 тэрбум долларын цэвэр алдагдал хүлээжээ. Хэдийгээр Grok 4.2 зэрэг сүүлийн үеийн моделио танилцуулаад байгаа ч GPT-5.5, Claude Opus 4.7 зэрэг-тэй өрсөлдөх хэмжээнд хүрч чадахгүй байсаар л байлаа. Анх xAI-ийг Илон Маск-д итгээд үүсгэн байгуулж байсан салбартаа мэргэшсэн томоохон эрдэмтдийн баг нь нэг нэгээрээ бусад лаб-уудруу явцгааж байв. Тэгэхээр сар болгон тэрбум доллар алддаг, тэгсэн атлаа тийм ч сайн бүтээгдэхүүн гаргаж авч чадахгүй, чухал хүний нөөцөө алдсаар байсан xAI томоохон өөрчлөлт хийх шаардлагатай болсон.
2026 оны 2-р сарын 2-нд пуужингийн компани энэ бүх будилаантай зүйлийг бүхэлд нь худалдаж авлаа. SpaceX нь xAI-г (дотроо X-ийг агуулсан хэвээр) бүхэлдээ хувьцаагаар хийсэн гэрээгээр худалдаж авч, xAI-г бүрэн эзэмшлийн охин компани болгож зохион байгуулжээ. Шинээр үүссэн пуужин нисгэдэг, хиймэл оюун ухаан бүтээдэг, сошиал медиа платформтой SpaceXAI-ийн үнэлгээ 1.25 их наяд доллар болов.
Энэ нь гэхдээ уламжлалт M&A худалдан авалт биш, гурвалжин хэлбэрийн (triangular) бүтэцтэйгээр хийгдсэн наймаа. Худалдаж авсан компанийг эх компанид бүрэн уусгахын оронд хуулийн хувьд тусдаа охин компани байдлаар байлгадаг.Ингэснээр xAI-ийн өр төлбөр, эмх замбараагүй өрийн төлбөрөөс SpaceX-ийн хувьцаа эзэмшигчдийг хамгаалах, X-тэй холбоотой хуулийн эрсдэлээс зайлсхийх зорилгоор тусгайлан зохион байгуулжээ. SpaceX 2025 оны 5 сарын хувьцааны халааслах үедээ 350 орчим тэрбум долларын үнэлгээтэй байв. 12 сар гэхэд 800 орчим тэрбум доллар, 2 сарын нэгдэл нь нэгдсэн компанийг 1.25 их наяд үнэлэх болсон.Одоо IPO нь 1.75 орчим их наядын үнэлгээг зорьж байна. Нэг жилийн дотор тав дахин үнэ нь өсөхөд хүргэсэн гол зүйл нь Илонын сансарт дата төв барих амбицтай зорилго.
Тойрог замын дата төв барих нь ямар ч тэнэг хүн харсан ойлгомжтой, заавал хийх ёстой зүйл гэж Илон энэ жилийн 1-р сард Давосын тайзан дээрээс хэлсэн. Сансрын нарны эрчим хүч дэлхийнхээс “10 дахин хямд”, учир нь батарей хэрэггүй, Зөв тойрог зам дээрээ байгаа үед нар бараг тасралтгүй тусдаг тул өдөр-шөнийн мөчлөг гэж байхгүй. Хөргөлтийн асуудлыг л шийдчих юм бол маш ашигтай боломж гэдэгт Илон бүрэн итгэлтэй байгаа.
Дэлхий даяар хэдэн их наяд долларыг нийтээрээ хиймэл оюун ухаан хөгжүүлэх, үйлчилгээ үзүүлэх дата төв барьж байгаа энэ цаг үед хөрөнгө оруулагчдын хамгийн их сонсохыг хүссэн зүйл яалтачгүй хямд үнэтэй дата төв биз.
Түүнээс гадна, илүү чухал хэсэг нь сансарт ямар нэгэн улс төрийн шахалтаас хол бие даасан байдалтай байх боломжтой. Хэдийгээр Илон Маск бүгд найрамдах нам болон Трампын засгийн газартай сайн харилцаатай ч ирэх сонгуулиар юу болохыг мэдэшгүй. Олон нийтийн дунд хиймэл оюун ухааныг үзэн ядах, дата төвүүдийн барилгын ажлыг хүртэл зогсоох хэмжээний жагсаал цуглаан ихэссэн энэ үед сансарт байрлуулах нь хамгийн ухаалаг сонголт ч байж болох юм. Юу ч гэсэн одоогийн техник эдийн засгийн үндэслэлээр сансарт дата төв барих нь утгагүй гэж хэлэхээр байгаа ч Илон маск ойрын хэдэн жил ямар гайхамшиг бүтээхийг харж л байя.
Одоо харин түүхэн дахь хамгийн их хүлээлттэй байгаа, хөрөнгийн зах зээлийн дүрмийг шинээр бичиж буй IPO-ийн талаар дэлгэрэнгүй харъя.
Төлөвлөгөө нь: 6-р сарын 12-ны орчим NASDAQ дээр бүртгүүлэх, 75 орчим тэрбум доллар босгох, мөн үүнийг Голдман Сакс, Морган Стэнли тэргүүтэй хорь гаруй банкны синдикатаар хийх. Ийм их хэмжээний мөнгө зах зээлээс босгож байсан тохиолдол түүхэнд байхгүй бөгөөд өмнөх дээд амжилт нь 2019 онд Saudi Aramco-ийн босгосон $29 тэрбум доллар юм. Хаалттай компани IPO зарлахын өмнө санхүүгийн тайлан мэдээллээ олон нийтэд нээлттэй зарладаг бөгөөд тэндээс хэдүүлээ SpaceXAI гэдэг компанийн талаар хангалттай мэдэж авах боломжтой.
Нэгдсэн компани 2024 оны 791 сая долларын ашгаас 2025 онд 4.9 тэрбум долларын алдагдал руу шилжсэн бөгөөд зөвхөн 2026 оны эхний улиралд л дахин 4.3 тэрбум долларын алдагдалтай байж. Зөвхөн Старлинк л ашигтай бизнес нь бөгөөд бусад нь дан хасахтай байв.
Одоогоор IPO хийх үнэлгээ нь 2025 оны ашгаасаа 250 орчим дахин ихээр арилжаалагдах гэсэн үг. Бусад томчууд болох Nvidia, Meta, Alphabet-ийн 16–36 дахин, тэр байтугай Тесла-гийн 119 орчим дахинаас ч давсан тоо. Үнэхээр л энэ компанийн ирээдүйд 100% итгэлтэй, дэлхийн хамгийн том компани болно гэж л мөрий тавьж байгаа үнэлгээ гэхэд буруудахгүй.
Мөн өөр хэдэн сонирхолтой зүйлс нь:
Бүх сансрын дата төвийг барих, зөөх Старшип нь арван нэгэн туршилтын нислэг хийсэн бөгөөд SpaceX үүнийг эдгээх үгээр төлөвлөгөөгүй гэнэтийн задрал, өөрөөр хэлбэл дэлбэрсэн байна.
Тойрог замын дата төвүүд нь хамгийн эрт 2028 онд л байршуулж эхлэх төлөвтэй.
xAI-аас өвлөн авсан 530 орчим сая долларын хуулийн өр төлбөр болон Европын зохицуулагчийн Грокын хүүхдийн мэдээлэл ашигласантай холбоотой хуулийн асуудал явагдаж байгаа юм байна.
SpaceX нь хиймэл дагуул, ачаа, пуужингаа ихэвчлэн даатгуулдаггүй бөгөөд алдагдал бүр шууд балансад нь буудаг.
SpaceX 18712 ширхэг биткойн эзэмшдэг байна.
Мөн Илон Маскыг SpaceXAI-ийн хамгийн том эрсдэл гэж тусгажээ.
Хоёр ангиллын хувьцааны бүтцээр Маск ТУЗ дээрээ саналын эрхийн 85.1 орчим хувийг хянадаг. А ангиллын хувьцааны 12.31%-ийг Илон Маск, түүний дараагаар Alphabet, Valor Equities зэрэг томоохон хөрөнгө оруулагчид 6-7% хувийг эзэмшиж байгаа юм байна. Анх дурдсан Твиттерийн худалдаа авалтад оролцсон хөрөнгө оруулалтын сангууд мөн адил зохих хэмжээний эзэмшилтэй байгаа.
Анхнаасаа энэ компанийг олон нийтэд нээлттэй болгож байгаа шалтаан нь мөнгө босгохоос илүүтэйгээр анхны хөрөнгө оруулагчдын мөнгийг гаргаж авах. Хөрөнгө оруулалт нь хэдэн арав дахин өсчихсөн байхад зарж чадахгүй, авах хүн байхгүй болчихсон тул одоо энгийн ард иргэд, тэтгэврийн сангуудад өндөр үнэтэй эрсдэлээ шилжүүлэхээр шийдсэн хэрэг. Энгийн IPO-ний 10% хувийг энгийн хувь хөрөнгө оруулагчид, үлдсэн 90% хувийг институцууд, хөрөнгө оруулалтын сангууд авдаг бол энэ удаад 30%-ийг энгийн хувь арилжаачдад зориулсан байна. Нэг талаараа ухаалаг гэж хэлж болохоор институцын хөрөнгө оруулагчид тухайн үнэлгээг хэт өндөр гэж үзэн хөрөнгө оруулах тийм их сонирхол байхгүй байгаа нь харагдаж байна.
Энэ том IPO-д зориулан Уолл Стрийтийн сангууд, хөрөнгийн бирж дотоодын дүрмээ хүртэл өөрчлөх шаардлага гарсан. Шаардлага гарсан ч гэж Илон Маскын тулгалт л байсан байх. Ердийн үед хэчнээн том компани IPO хийсэн ч нэг жил хүлээж байж S&P 500, NASDAQ-100 зэрэг индекс сан, тэдгээрийн дагадаг ETF-үүд рүү нэмэгддэг. Үүнийг seasoning period гэж нэрлэдэг. Зах зээлийн үнэлгээ хэр бодитой вэ гэдгийг зах зээлийн шугамаар ханшийн хөдөлгөөнүүд шийдүүлж тогтворжуулах хугацаа гэсэн үг.
Харин 2026 оны хавар NASDAQ тэр дүрмийг өөрчилж хэрэв топ 40-д багтах том компани IPO хийвэл ердөө 15 арилжааны өдрийн дотор нэмэгдэх боломжтой болгож “Fast Entry” гэдэг заалт нэмсэн. NASDAQ мөн компанийн хувьцааны дор хаяж 10 хувь нь олон нийтэд арилжаалагддаг байх шаардлагаа цуцалсан.
Шинжээчид энэ дүрмийн өөрчлөлтүүдийг “Lex SpaceX” гэж нэрлэсэн нэг л тодорхой ашиг хүртэгчид зориулж бичсэн хууль гэсэн утгатай.
Дэлхийн хөрөнгө оруулалтын асар их хэсэг одоо индексийн сангуудаар дамжиж явдаг. Америкийн иргэдийн хөрөнгө 401(k) тэтгэврийн данстайгаа шууд холбоотой байдаг тул хүссэн хүсээгүй одоо бүгд SpaceXAI худалдаж авах нөхцөл бүрдэх нь. Хөрөнгө оруулалтын сангууд бүр худалдан авах хуулийн үүрэг хүлээнэ. Тухайн үеийн ханш хэд байхаас үл хамааран 22-27 тэрбум долларын үндсэндээ албадан, автомат худалдан авалт болно гэж тооцоолжээ.
Үнэхээр одоогийн энэ үнэлгээнд, энэ бизнес бол ашигтай хөрөнгө оруулалт гэж үзэхэд хэцүү ч Илон Маскын эсрэг мөрий тавиад хожиж байсан түүх байхгүй гэж Петер Тиел хэлсэн байдаг. Санхүүгийн зах зээлийн дүрмийг өөртөө ашигтайгаар өөрчлөөд компаниа зарж чадаж байгаа хүн, дахин ашиглаж болох пуужин бүтээж, Фордоос хойших автомашины хамгийн том хувьсгалыг авчирсан Илон Маск дахин нэг удаа гайхамшиг бүтээж байна. Хөрөнгө оруулах эсэх тань та энэ хүнд хэр их итгэж байгаагаас л хамаарах буй заа.