EZ Эдийн засаг

АНУ Оросын байгалийн хийг Украинаар дамжуулан Европт дахин нийлүүлэх санал дэвшүүлэв

Вашингтон эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоонд хүрэхийг зорьж байгаа ч Оросын хийнээс хамаарал нь 45-аас 11 хувь хүртэл буурсан Европын орнууд уг санааг эсэргүүцэж байна.

АНУ Оросын байгалийн хийг Украинаар дамжих хоолойгоор дамжуулан Европт дахин нийлүүлэх саналыг дэмжиж байгааг The Wall Street Journal 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нд мэдээлжээ. АНУ, Европ, Украины албан тушаалтнуудын мэдээлэлд тулгуурласан тус нийтлэлд дурдсанаар, АНУ-ын тусгай элч Ж. Кушнер, С. Уиткофф нар есдүгээр сард Москва болон Киевт айлчлах үеэрээ энэ саналыг дэвшүүлсэн байна. Гол зорилго нь өвөл эхлэхээс өмнө Орос, Украины хооронд эрчим хүчний дэд бүтцэд халдлага хийхээ харилцан зогсоох тохиролцоонд хүрэх явдал ажээ.

Саналын дагуу Оросын байгалийн хийг АНУ-ын зуучлалаар Европт дахин нийлүүлж, ингэснээр Европын Холбооны Орост тавьсан хоригийг тойрон гарах боломж бүрдэнэ. Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн үзэж буйгаар, энэ зохицуулалт АНУ-ын хөрөнгө оруулагчдад ч ашигтай бизнесийн боломж нээж магадгүй байна. Цагаан ордон Оросын хийн борлуулалтаас олох орлогыг гуравдагч улсын батлан даалтад байдаг тусгай дансанд байршуулж, дайны санхүүжилтэд ашиглахгүй байх хувилбарыг санал болгожээ. Харин Украин хийн дамжуулалтын төлбөрөөс орлого олох юм. The New York Times-ийн мэдээлснээр, 2025 онд хийн дамжуулалт зогссоноос хойш Украин жил бүр нэг тэрбум орчим ам.долларын орлогоо алдаж байна.

Гэвч Европын Холбооны байр суурь үүнээс тэс өөр байна. Европын Холбооны Зөвлөл 2026 оны нэгдүгээр сарын 26-нд баталсан шийдвэрийн дагуу Оросын шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) импортыг 2027 оны эхнээс, харин хоолойгоор нийлүүлэх байгалийн хийн импортыг мөн оны намраас бүрэн зогсоохоор төлөвлөжээ.

The Wall Street Journal-ийн мэдээлснээр, Европын байгалийн хийн хэрэглээнд Оросын эзлэх хувь дайны өмнөх 45 хувиас 11 хувь хүртэл буурсан бол АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн эзлэх хувь 30 хувьд хүрчээ. Өөрөөр хэлбэл, АНУ одоо Европт Оросоос 2.7 дахин их хэмжээний байгалийн хий нийлүүлж байна.

Европын Холбооны Эрчим хүчний комиссар Д. Йоргенсен аравдугаар сард Унгарын нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа Оросын эсрэг тавьсан хориг байнгын хэвээр байх ёстой гэж мэдэгдээд, «Маргааш энх тайван тогтсон ч би Орост итгэхгүй» хэмээн хэлжээ.

Гэхдээ Ираны дайн Европын эсэргүүцлийг сулруулж болзошгүйг тус холбооны зарим албан тушаалтан хүлээн зөвшөөрчээ. Европын Холбооны тооцоолсноор, дайны улмаас Европын орнууд эрчим хүчний зардалдаа нэмэлтээр 100 тэрбум евро буюу 112 тэрбум ам.доллар зарцуулахад хүрсэн байна. Катарын шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлт Персийн булангаас гарах боломжгүй болоод байгаа бөгөөд Европын газар доорх хийн агуулахуудын дүүргэлт 75 хувьд хүрсэн нь сүүлийн есөн жилийн дунджаас доогуур үзүүлэлт юм.

Nord Stream хоолойг дахин ашиглалтад оруулахад урт хугацаа шаардагдах бол Украинаар дамждаг хийн хоолойн сүлжээг харьцангуй богино хугацаанд дахин ажиллуулах боломжтойг The Wall Street Journal онцолжээ.

Гэвч хэлэлцээний явц Украины Оросын эрчим хүчний дэд бүтцэд хийж буй цохилтоос хамааран өөрчлөгдөж байна. Украины тал АНУ-ын шахалтаар Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийх дайралтаа аравдугаар сард бараг хоёр долоо хоног зогсоосноор уг төлөвлөгөөний хэлэлцүүлэг хойшилсон байжээ. Харин Киев аравдугаар сарын 30-нд дайралтаа сэргээж, гуравхан хоногийн дотор Оросын гурван том газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгснөөр уг санал дахин хэлэлцээний анхаарлын төвд орсон байна.

Оросын тал одоогоор АНУ-ын саналыг хүлээн аваагүй байгаа бөгөөд АНУ, Орос, Украины гурван талт хэлэлцээ арваннэгдүгээр сарын дундуур Абу Дабид болохоор төлөвлөгджээ.