EZ Эдийн засаг

Персийн буланд болж буй мөргөлдөөнөөс хамааран 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байна

Орлогынхоо тал орчмыг хүнсэнд зарцуулдаг буурай орнуудад 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэл нүүрлэснийг шинжээчид анхаарууллаа.

Дэлхийн бордооны түүхий эдийн экспортын 50 хувь нь 2026 оны 2-р сараас өмнө Ормузын хоолойгоор дамждаг байсан бол дайны улмаас уг урсгал тасалдсан нь хүнсний хомсдол үүсгэх эрсдэл бий болгожээ. S&P Global хүрээлэнгийн тайланд дурдсанаар эрчим хүчний хямрал газар тариалангийн салбарыг олон талаас нь шахаж, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Дизель түлшний зардал тариаланчдын өртгийг нэмэгдүүлээд зогсохгүй биологийн түлшний эрэлт хүнсний зориулалттай тариалалтын талбайг хумихад хүргэж байгаа юм.

Ормузын хоолойн замын хөдөлгөөн 2026 оны 2-р сарын 28-нд бараг бүрэн зогссоны дараа бордооны зах зээлийн үнэ хоёр дахин өссөн түүхтэй. Дэлхийн илчлэгийн 50 хувийг хангадаг эрдэнэ шиш, улаан буудай, цагаан будааны үйлдвэрлэл химийн бордооны нийлүүлэлтээс шууд хамаардаг байна. НҮБ-ын төлөөлөгч Жорж Морейра да Силва энэхүү тээврийн саатал 45 сая хүнийг өлсгөлөнд түлхэх аюултайг мэдэгдэж байв. Өдгөө усан замын тээвэр бүрэн сэргээгүй бөгөөд Персийн булан дахь байгалийн хийн олборлолт хэвийн болох хүртэл түүхий эдийн хомсдол сар эсвэл жилийн хугацаанд үргэлжлэхээр байна.

Олон Улсын Валютын Сан (ОУВС) бордооны ханш 2026 оны эцэс гэхэд 10 хувиар өснө гэж төсөөлжээ. Үүний нөлөөгөөр дэлхийн хүнсний өртөг 2026 онд 5 хувиар, 2027 он гэхэд дахин 2.4 хувиар нэмэгдэх тооцоотой байна. Энэ нь орлогынхоо тал хувийг хоол хүнсэндээ зарцуулдаг буурай орнуудад хүндээр тусах бөгөөд нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэх гол хүчин зүйл болохыг шинжээчид санууллаа.