EZ Эдийн засаг

ОУВС: төсвийн тэлэлт инфляцыг удаан байлгаж болзошгүй

Сангийн баг 2026 оны нэмэлт, 2027 оны төсвийн төслийг тогтворгүй уул уурхайн орлогоор санхүүжих байнгын зардал гэж үнэлэв. Энэ оны өсөлтийн төсөөлөл 6.2 хувь.

Тахсин Саади Седик тэргүүтэй Олон улсын валютын сангийн баг есдүгээр сарын 23–29-нд Монголд ажиллаж, аравдугаар сарын 8-нд мэдэгдэл гаргасан. Эдийн засаг эхний хагаст 7.7 хувиар өсөж, хүлээлтээс давсан. Сан бүтэн жилийн өсөлтийг 6.2 хувь гэж үзэж байна. Гол түлхэц нь зэсийн олборлолт, үнэ.

Инфляц есдүгээр сард 12.9 хувьд хүрч, Монголбанкны 6±2 хувийн зорилтоос хол давсан. Хүнсний үнийн шок, шатахууны тасалдал нөлөөлсөн, суурь инфляц, хүлээлт ч өссөн гэжээ. Монголбанк наймдугаар сард бодлогын хүү, заавал байлгах нөөцийн хувийг тус бүр 50 суурь нэгжээр нэмж 12.5, 14.5 хувь болгосон. Банкны зээл наймдугаар сард жилийн 14 хувиар өссөн.

Төсвийн зарлага наймдугаар сар хүртэл 20 хувиар өссөн. 2026 оны нэмэлт, 2027 оны төсвийн төсөл байнгын зардлыг нэмж, түүнийгээ тогтворгүй уул уурхайн орлого, төрийн өмчит компани болон Оюу толгойн нэг удаагийн ногдол ашгаар санхүүжүүлэхээр байна. Энэ нь инфляцын дарамтыг удаан байлгах эрсдэлтэй гэж баг анхааруулсан.

Сангийн зөвлөмж: уул уурхайн илүү орлогоор санхүүгийн дэрээ сэргээх, санал болгож буй татварын хөнгөлөлтийн багцыг эргэн харах, уул уурхайн бус татварыг цаашид бууруулахгүй байх, мөнгөний нөхцөлийг цааш чангатгах, Монголбанкны үйл ажиллагааны бие даасан байдлыг бэхжүүлэх. Гадаад валютын нөөц есдүгээр сарын эцэст 8.9 тэрбум ам.доллар болсныг мөн тэмдэглэсэн.