Хятадын тэнгисийн флот 400 хөлөгтэй болж, АНУ-ын флотоос 35% давлаа
Дэлхийн ачаа тээврийн хөлгийн тал гаруйг атгадаг Хятад улс хүчин чадлаа байлдааны хөлөг барихад ашиглаж байгаа бол АНУ-ын дэлхийн үйлдвэрлэлд эзлэх хувь 0.01 байна.
Хятадын Тэнгисийн цэргийн хүчин 400 гаруй байлдааны хөлөг болон шумбагч онгоцтой болж, хөлгийн тоогоор АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнээс 35 орчим хувиар давсныг The Wall Street Journal АНУ-ын албан ёсны мэдээлэлд тулгуурлан нийтэлжээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин 290 орчим хөлөгтэй байгаа бол Хятад улс 2020 оноос хойш 71 том оврын байлдааны хөлөг болон шумбагч онгоц шинээр нэмсний 19-ийг нь зөвхөн 2025 онд ашиглалтад оруулсан байна.
Хятад улс нэгэн цагт нисэх онгоц тээгч хөлөг бүтээж байсан туршлагагүй байв. 1998 онд Макаогийн нэгэн компани Украины усан онгоцны үйлдвэрт дуусаагүй орхигдсон Зөвлөлтийн үеийн «Варяг» хөлгийг 20 сая ам.доллараар худалдан авахдаа хөвөгч казино болгох зорилготой хэмээн тайлбарлаж байжээ. Гэвч Хятад улс уг хөлгийг 15 жилийн турш засварлан шинэчилж, нисэх онгоц тээгч хөлөг бүтээх, ашиглах туршлага хуримтлуулсан байна. Өдгөө Хятад улс гурван нисэх онгоц тээгч хөлөгтэй бөгөөд дөрөв дэх хөлгөө цөмийн хөдөлгүүртэй бүтээж магадгүй гэж барууны шинжээчид үзэж байна.
Хятадын усан флот ийм хурдацтай өргөжиж байгаагийн гол үндэс нь иргэний усан онгоцны үйлдвэрлэлийн асар том хүчин чадал юм. Японы Усан онгоц үйлдвэрлэгчдийн холбооны мэдээллээр, 2025 онд дэлхий даяар шинээр үйлдвэрлэсэн усан онгоцны нийт тоннын 52.6 хувийг Хятад, 27.6 хувийг Өмнөд Солонгос, 14 хувийг Япон улс бүрдүүлжээ. Харин The Wall Street Journal-ийн мэдээлснээр АНУ-ын эзлэх хувь ердөө 0.01 хувь байсан бөгөөд Хятад улс АНУ-аас 5,000 гаруй дахин их даацтай усан онгоц үйлдвэрлэсэн байна.
Шанхай хотын өмнөд хэсэгт орших Чаншин арал дээрх хоёр том усан онгоцны үйлдвэрт байгалийн хийгээр ажилладаг хөлөг, чирэгч хөлгөөс гадна байлдааны хөлөг онгоц үйлдвэрлэж, засварлаж байгааг тавдугаар сард авсан хиймэл дагуулын зургууд харуулжээ.
Флотын хүчин чадал нэмэгдэхийн хэрээр Хятадын байлдааны хөлгүүд эх орныхоо эргээс улам хол зайд үйл ажиллагаа явуулах болжээ. The Wall Street Journal-ийн мэдээлснээр, Хятадын 100 хүртэлх хөлөг Азийн хамгийн их хөдөлгөөнтэй далайн замуудад өдөр бүр үүрэг гүйцэтгэдэг байна.
2025 оны эхээр 13 мянган тоннын багтаамжтай «Зүний» хөлөг Австралийг тойрон аялж, Хятадын эргээс 5,000 гаруй далайн милийн зайд байлдааны сургуулилалт хийжээ. Энэ үеэр иргэний агаарын тээврийн нислэгийн зарим чиглэлийг өөрчлөхөд хүрсэн байна. Хятад улс эдгээр хөлгийг устгагч хөлөг гэж ангилдаг бол АНУ тэдгээрийн хэмжээ, зэвсэглэлийг харгалзан пуужингийн крейсерийн ангилалд оруулдаг. АНУ-ын Тэнгисийн цэргийн тагнуулын газрын дарга асан М. Студеман «Ши Жиньпин аливаа их гүрэн эцсийн дүндээ дэлхийн хэмжээний далайн гүрэн байх ёстой гэдэгт бүрэн итгэдэг» хэмээн ярьжээ.
АНУ усан флотынхоо нийт тонноор тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд нэг хөлөгт ногдох дундаж хэмжээ нь ч Хятадынхаас том юм. Гэвч АНУ-ын Тэнгисийн цэргийн яамны тайланд дурдсанаар, хөлөг онгоц бүтээх төсөв сүүлийн хорин жилд хоёр дахин нэмэгдсэн ч тус улсын флотын хөлгийн тоо 2003 оны түвшнээс өсөөгүй байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч А. Келли төрийн захиргаа усан онгоц үйлдвэрлэлийн хүчин чадлыг сэргээж, салбарын ажиллах хүчнийг бэлтгэх сургалтын тогтолцоог шинэчилж байгаа гэж мэдэгджээ.
АНУ-ын Конгрессын Судалгааны албаны тайланд эш татсан Пентагоны төсөөллөөр, Хятадын Тэнгисийн цэргийн флотын хөлгийн тоо 2030 он гэхэд 435-д хүрэх ажээ. Мөн АНУ-ын албаныхны тооцоолсноор, 2040 он гэхэд Хятадын шумбагч онгоцууд Энэтхэгийн далай болон Арктикийн бүс нутагт тогтмол ажиллагаа явуулахаас гадна Атлантын далайд ч хүрч болзошгүй байна.